Хеликобактер гэж юу вэ, түүний хор хөнөөл

Хеликобактери пилори нь спирал хэлбэртэй, грам сөрөг, 5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй ба түүнийхээ тусламжаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян юм. Хоол боловсруулах ферментүүд болон давсны хүчил агуулсан ходоодны шүүс нь хоол тэжээлийг боловсруулахаас гадна хоол боловсруулах замд орж ирсэн нянг устгадаг.

Харин ходоодыг дотор талаас нь бүрхэж байдаг ходоодны салст бүрхүүл нь тэрхүү хүчиллэг шүүсээс ходоодны ханыг хамгаална. Хеликобактери пилори нь энэ салст дотор хоргодон амьдарч чаддагаараа ходоодны шүүснээс хамгаалагддаг. Ходоодны салст бүрхүүлд тухлан суусан нян уреаза хэмээх фермент ялгаруулна. Энэ нь ходоодны хүчлийг саармагжуулж хеликобактерийн амьдрах таатай орчныг бүрдүүлж өгдөг. Бие махбодийн хамгаалах тогтолцоо түүний эсрэг бие ялгаруулан ажиллаж эхлэх боловч ходоодны салст дотор нуугдаж амжсан хеликобактерийг устгаж чаддаггүй.

Хеликобактери пилори ходоодны салстыг гэмтээдэг олон төрлийн хор ялгаруулснаар бие махбодийн хамгаалах эсүүдийг ходоодны салст бүрхүүл дээр авчирдаг. Хамгаалах эсүүдээс нянг устгах бодис ялгарах боловч тэр нь нянгаас гадна ходоодны салст бүрхүүлийг хайлуулж гэмтээдэг юм. 1982 онд Австралийн эрдэмтэн Бэрри Маршал болон Робин Варрен нар хүний ходоодны салстаас энэхүү хеликобактер пилори нянг амжилттай өсгөвөрлөж “Ходоодны ихэнх үрэвсэл, шархны шалтгаан нь стресс болон халуун ногоо биш харин нянгийн халдвар” гэж анагаах ухаанд нэгэн том нээлт хийснээ зарлажээ. Тэд ийнхүү уг нээлтээрээ 2005 оны физиологийн салбарт Нобелийн шагнал хүртсэн юм.

Хеликобактер нь ходоодны архаг үрэвсэл үүсгэж, цаашид ходоодны хавдар үүсэхэд нөлөөлдөг болох нь нэгэнт тодорхой болжээ. Уг нянгийн халдварын шалтгаант ходоодны эмгэгийн 20-30 хувь нь хавдарт шилждэг бөгөөд Олон улсын хавдар судлалын нийгэмлгийн тэмдэглэснээр I бүлгийн канцероген бүлэгт хамаарах цорын ганц нян хэвээр байсаар байна.

Өнөөдөр дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь хеликобактерийн халдвар авсан ба үүний 30-40 хувийг нь өндөр хөгжилтэй орны хүн ам, харин 70 орчим хувийг нь хөгжиж буй орнуудын хүн ам халдвартай гэж бүртгэгдэж байгааг судлаачид мэдээлжээ. Манай орны хувьд Х.Оюунцэцэг судлаачийн хэлснээр нийт хүн амын 82,6 хувь (2003 оны байдлаар), Ц.Сарантуяагийнхаар 72-90 хувь (2005 он) хувьд хеликобактерийн халдвар илэрчээ. Иймд халдварын шалтгаанд ходоод гэдэсний эмгэг бол манай хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг яах аргагүй мөн юм.

ХАЛДВАРЛАДАГ ЗАМУУД

Хеликобактер дамжих хэд хэдэн зам байдаг. Нэгдүгээрт, ам-амны, хоёрдугаарт, баас- амны гуравдугаарт, эмнэлгээс шалтгаалсан гэдэг. Халдвар тархахад амьдрал ахуйн нөхцөл, ариун цэвэр зэрэг нь чухал нөлөөтэй бөгөөд эхний хоёр зам нь хүн амын дунд халдвар тархах гол зам болдог. Гэр бүлийн гишүүдийн дунд болон эцэг эхээс хүүхдэд халдвар дамжих нь элбэг.

Ам-амны зам: Аяга, халбага дамжуулан хэрэглэх, амнаас аманд хоол хүнс хувааж идэх, нэг савнаас унд уух, хооллох үед халдвар дамжина. Судалгаагаар хүний шүлс, шүдний өнгөр зэрэгт хеликобактер илэрсэн бөгөөд нэг тавагнаас хооллодог заншилтай зарим үндэстний дунд хийсэн судалгаагаар хоол идсэн савхнаас нь уг нян илэрсэн байна.

Баас-амны зам: Хүн амьтны баасаар бохирлогдсон эд зүйлс, төв суурин газрын ахуй хангамжийн ус, бохир гараар дамжин халдварлахыг хэлнэ. Перуд хийгдсэн судалгаагаар нийтийн ундны усанд хеликобактер илэрсэн. Хөгжиж буй орнуудад халдвар дамжих хамгийн гол зам юм.

Эмнэлгийн нөхцөлд: Эмнэлгийн багаж хэрэгсэл, ялангуяа ходоод дээд гэдэсний дуран, ходоодны шүүрлийн шинжилгээний уян гуурс зэргээр халдвар дамжих магадлалтай.

ЭМНЭЛЗҮЙ

Хэвлийгээр цанхайна. Энэ нь ихэнхдээ хэдэн долоо хоногоор алга болж, эргэж мэдрэгдэнэ. Шөнө дундын үед ходоод хоосон үед илүү мэдрэгдэж, юм идэхэд арилна. Түүнээс гадна ходоодны хүчил ялгаруулалтын эсрэг эм уухад мөн арилна. Мөн бусад дараах шинжүүд илэрдэг. Үүнд:

  • Жин буурах
  • Цээж гашуун оргино, хорсох мэт мэдрэмж төрнө.
  • Хоолны дур буурах
  • Дотор муухай оргих
  • Бөөлжих Зарим хүнд дээрхи шинжүүд тод илрэхгүй, огт илрэхгүй ч байж болно. Хэрэв доорхи шинжүүд илэрвэл эмчид яаралтай очих хэрэгтэй.
  • Ходоод орчмоор хүчтэй сүлбэж өвдөх
  • Өтгөн бараан хар өнгөтэй, цусархаг зүйл үзэгдэх
  • Кофений шаар мэт эсвэл цусархаг зүйлээр бөөлжих

Эдгээр шинж тэмдэг нь ходоодны шархнаас цус алдах буюу ходоод цооролтын шинж байх өндөр магадлалтай байдаг.