“Сайн байцгаана уу? Ээжүүдээ. Манай гурван настай хүүгийн маань хоолой байнга өвдөх юм аа. Аль болох хурдан эмчлэх арга байна уу. Ээжүүдээ туслаач” хэмээн цахим ертөнц дэх ээжүүдийн группт нэгэн ээж ханджээ. Ээжүүд энэ мэт интернетээр бие биедээ зөвлөгөө өгч, дур мэдэн эмчилгээ хийх нь элбэг болж. Ийн тэдний сонирхсон асуултуудад хариулт авахаар хүүхдийн эмчээр 40 гаруй жил ажиллаж буй “Mom`s” эмнэлгийн ерөнхий эмч Д.Нацагмаатай ярилцлаа.


-Хүйтний улирал эхэлж, ханиад томууны өвчлөл ихэсчээ. Энэ үед эмч нар хүүхдээ хүчтэй эмээр “бөмбөгдөхгүй” байхыг зөвлөж байна. Тэгвэл хүүхдэдээ эм өгөхгүйгээр эмчлэх арга бий гэж үү?

-Ер нь эцэг, эхчүүдэд улирлын чанартай томуу, томуу төст өвчлөлийн талаар зөв ойлголт өгмөөр санагддаг юм. Өвлийн улиралд утаатай орчинд амьдарч буй хүүхдүүд вирусын халдвар маш амархан авч, амьсгалын доод зам буюу уушгинд утаа шууд орж байна. Мөн аав, ээж нар хүүхдүүдээ ханиадтай гээд гэртээ ч агаар оруулахгүй нам “дарчихдаг”. Гэтэл хүүхэд ханиадтай ч гэсэн тохирсон дулаан хувцсыг нь өмсүүлэн ам, хамрыг нь сайн боож, цэвэр агаарт гаргах нь хамгийн зөв арга.

Эцэг, эхчүүд хүүхдээ салхилуулж байна гээд амыг нь халхалсан хэр нь хамрыг нь боодоггүй. Хүүхдийнхээ ам, хамар хоёрыг давхар ноосон болон ноолууран ороолтоор боосноор гадны хүйтэн агаар шууд ам хамраар орохгүй. Хоёрдугаарт хоолой өвдөж, бактерын үрэвсэл үүсээгүй тохиолдолд үүсгэгчийн эсрэг антибиотек өгч болохгүй. Ихэнх эцэг, эх хүүхдээ халуурч эхлэхээр л халууны эм өгчих юм. Халууны эмийг хэрэглэхдээ аль болох мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй.

-Би ч гэсэн хүүхдээ халуурвал шууд л халууны эм хуваагаад өгчихдөг. Энэ нь буруу гэж үү. Ямар сөрөг нөлөөтэй байдаг талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Хүүхэд ханиад хүрээд халуурч байгаа нь бие организмынх нь хариу урвал юм. Хүүхдийг 38.4 хэмээс дээш халуурвал өндөр халууралт гэж үзээд халууны эм өгч, бүлээн халуун усанд норгосон алчуураар бүх биеийг нь арчиж, халууныг нь бууруулах хэрэгтэй.

Хүүхдийн халуун бууруулах лаа хийгээд намдахгүй болохоор нь залгуулаад л халууны эм өгчихдөг болж. Гэтэл бүх халууны эм адилхан паратай. Бүгд элгийг гэмтээж, цусаар удаан дамждаг сөрөг үр дагавартай байдаг. Эцэг, эхчүүдэд зөвлөхөд хамгийн сүүлд Ибуфенди гээд оросын сироп гарсан байна. Уг сироп нь үрэвсэл дарах, халуун бууруулах, өвчин намдаах зэрэг гурвалсан үйлчилгээтэй бөгөөд задалсны дараагаар 6-8 сарын турш хэрэглэх боломжтой юм билээ. Энэхүү сироп нь хүний цуснаас амархан шимэгдэж гардаг үйлчилгээтэй. Ер нь халууны эмийг гурваас дээш хоног өгөхийг зөвшөөрдөггүй. Үүнээс дээш хоногоор халууны эм хэрэглэвэл сөрөг нөлөөтэй. Хэрэв халууны эм олон хоногоор өгөх шаардлагатай бол эмчийн заалтаар л өгөх ёстой.

-Ээжүүд цахим ертөнцөөр бие биедээ зөвлөгөө өгөх нь бий. Мэргэжлийн эмчид хандахгүйгээр дур мэдэн эм, эмчилгээ хэрэглэж байгаа нь зөв шийдэл мөн үү?

-Ээжүүд интернетээр ингэж утлага хийвэл сайн, байцааны ороолт ханиадыг эдгээнэ зэрэг буруу мэдээлэл түгээж байна. Тэр зөвлөгөөний дагуу хүүхдэдээ дур мэдэн эмчилгээ хийх нь бий. Гэтэл ямар үед утлага хийх вэ гэдэг талаар нарийн мэдлэг их чухал. Хүүхдийн ханиад дөнгөж эхлэх үед нь цээжинд ороолт хийснээс ханиад хүндэрч хатгаа болох аюултай. Ижил насны хүүхдүүд ханиад туслаа гэхэд тухайн хүүхдийн биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй эмчилгээг хийдэг.

-Хүүхдийн чихний булаг юунаас үүдэлтэй вэ. Эхчүүд өөрсдөө цэвэрлэж байгаад чихнийх нь хэнгэргийг нь гэмтээж, цоолох ч тохиолдол гардаг гэсэн үү?

-Зарим нь хүүхэд маань ханиад хүрэхээр чихнээс нь булаг гоожлоо гэдэг. Чихний булаг нь дунд чихний архаг үрэвсэл. Ялангуяа хүүхэд ханиад хүрэхээр дархлааны систем нь буурдаг шүү дээ. Харин хаяа чихнээс булаг гарч байгаа тохиолдолд чих нь үрэвссэн байж болно, Та хүүхдээ салхилуулахдаа их салхи авахуулах, усанд оруулж байгаад ус оруулах эсвэл чихэн дотор нь хатиг гарсан байж болно. Тиймээс булаг гарах үед чих, хамар, хоолойн эмчид үзүүлэх хэрэгтэй. Шаардлагатай гэвэл эмчийн зөвлөгөөгөөр шарлага хийлгэж болно. Мөн булаг гарвал тэр даруйд нь эм өгөхгүйгээр сайтар цэвэрлэж, хуурайшуулах нь чухал. Цэвэр бент чихэнд нь хийж, ногоон идээг нь шингээж авна. Чихнээс нь ногоон идээ гарахгүй болтол нь уйгагүй хуурайшуулах үйлчилгээ хийх нь зүйтэй гэж зөвлөмөөр байна.

-Хүүхдийг хүчтэй сэгсэрвэл тархинд муугаар нөлөөлдөг гэж дуулсан. Зарим тохиолдолд хараагүй болох ч эрсдэлтэй гэх юм. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Ялангуяа таван сараас дооших нярай хүүхдийг хүчтэй сэгсэрч болохгүй. Хүүхдийн уураг тархи нярай үедээ бүрсэн элгэн тараг шиг байдаг. Тийм учраас ээжүүд нярай хүүхдийг саатуулж байна гээд бөгс рүү нь чанга цохих юм уу, маш хүчтэй сэгсэрдэг. Ингэснээр таны хүүхдийн тархинд цус харвах ч тохиолдол бий. Залуу ээжүүд маань хүүхдээ аль болох зөөлөн бүүвэйн дуугаар бүүвэйлэх нь чухал. Мөн хүүхдээ нүцгэн бие дээрээ тэвэрч, хоёр биенийгээ шүргэлцүүлвэл хүүхэд маш сайхан тайвширч амардаг юм.

-Цахим ертөнцөд нэг ээж “Хүүхэд маань юм түшиж явахдаа өлмий дээрээ яваад байна. Энэ ямар учиртай юм бол” гээд зургийг нь оруулжээ. Зурагных нь доор цөөнгүй ээж манай хүүхэд ч гэсэн ингэж явдаг гэсэн байх юм. Хүүхэд хөлд орохдоо өлмий дээр гишгэх нь зүгээр үү?

-Монголчууд эртнээсээ л хүүхдээ элдэв гадны хэрэгсэлгүй мөлхөх цагтаа мөлхүүлж, суух үед л суулгаж, хөлд оруулж ирсэн. Гэтэл одооны эцэг, эх хүүхдээ эрт хөлд оруулагч дээр суулгачихдаг болж. Үүнээс болоод хүүхэд нь мөлхөж сураагүй, хөлөн дээрээ бүтэн гишгэж чадахгүй байна. Тэгээд хүүхдээ барихаар өлмийлдөөд л гүйчихдэг. Хүүхдийг гишгэхийн завдалгүй хөл оруулагчийн дугуйн өнхөрчихдөг шүү дээ. Тэгэхээр хүнд ямар нэгэн хэмжээгээр сурц гэж бий. Хүүхэд юм түших, хөлд оруулагч дээр өлмийдөж явж байгаа бол эрсдэлтэй биш. Харин явдаг насандаа өлмийлдөж алхаад байвал онцгой анхаарч эмчид үзүүлэх хэрэгтэй.

-Зарим эцэг, эхчүүд хүүхдээ эмчид үзүүлэхээр үнэтэй, хүчтэй эм бичиж өгдөг гэдэг. Үүнтэй та санал нийлэх үү?

-Би 40-өөд жил хүүхдийн эмчээр ажиллаж байна. Энэ хугацаанд олон ч хүүхдийн эмнэлгүүд шинээр байгуулагдлаа. Гэхдээ би тэднийг 100 хувь хүүхдийн эмч мөн үү гэдэгт эргэлздэг юм. Нөгөө талдаа эцэг, эхчүүд эмний нэр тогтоож авахдаа тааруу байх юм. Тийм нэртэй эмийг өгөөрэй гэхээр хүний бичсэн байтугай миний бичсэн эмийг хүртэл буруу хэрэглэчихээд ирэх тохиолдол гардаг. Тиймээс аль аль талдаа л анхаармаар санагддаг шүү.

-Бага насны хүүхдүүд жижиг тоглоом, үрлэн чихэр, бүхэл хоол унданд хахах нь бий. Энэ үед ээж, аавууд маань сандарч, залгиур хоолойг гэмтээх эрсдэл үүсдэг. Хүүхэд хахах үед ямар арга хэмжээ авах вэ?

-Хүүхэд ихэвчлэн есөн сартайгаасаа эхлэн жижиг зүйл амандаа хийж, хахах магадлалтай байдаг. Хүүхэд хахсан үед маш яаралтай өвдгөн дээрээ доош харуулж, толгойг нь гударган байрлуулна. Тэгээд хоёр далны хооронд алганы доод хэсгээрээ зөөлөн товшиж өгөх ёстой. Ингэснээр аман дахь зүйлийг нь гаргаж авах боломжтой. Хэрвээ аман доторх зүйлийг нь ухвал бүр цааш нь түлхэх эрсдэлтэй. Тиймээс маш хурдан арга хэмжээг авч, түргэн тусламж дуудах хэрэгтэй. Мөн эцэг, эхчүүд хүүхэд хахах эрсдэлтэй зүйлсийг гар хүрэх газраас нь хол байлгах шаардлагатай. Мөн халуун тогоо, ус буцалгагчаас сэрэмжилж өсгөх ёстой. Энэ бүхэн ээж, аавын хариуцлага шүү дээ.

-Та ярианы эхэнд Д витамины хэрэглээг чухалчилмаар байна гэж байсан. Энэ талаараа дэлгэрүүлэгүй тайлбарлана уу?

-Нэг үе “Дутуу төрсөн хүүхдийг 14, гүйцэт төрсөн хүүхдийг 21 хономогц витамин Д уулгаарай” гэдэг байсан. Одоо хүүхдийг төрөнгүүт нь Д витамин уулгадаг болсон. Гэтэл өнөөдрийн дутсан Д аминдэм маргааш, нөгөөдөр гэж хуримтлагдсаар байгаад Д витамины дутагдалд орж байна. Мөн ээж, аавууддаа зөвлөхөд усан суурьтай Д витамин цусны хананд маш сайн нэвчиж, бие организмд хурдан үйлчилдэг юм шүү. Зарим ээжүүд туйлшраад америк, германых сайн гээд төрөл бүрийн Д.витамин хэрэглэдэг болж. Тухайн хүүхдийг Д витамины дутагдлаас урьдчилан сэргийлэх тунгаар төрсөн цагаас нь уулгавал рахит үүсэхгүй. Ээжүүдээс аминдэмээ тогтмол хэрэглэж байгаа юу гэж асуухаар нэг хэсэг ууж байгаад орхисон гэдэг. Тэгж болохгүй. Ер нь хүүхдийг гурван нас хүртэл нь Д витаминыг өвөл, зунгүй тогтмол өгөх хэрэгтэй. Нар манай улсын экваторын шугамд гуравхан цаг 90 градусаар тусч байдаг. Энэ цагуудад л нар хэт яагаан туяагаа өгч, хүний арьсанд орох Д аминдэмийг идэвхжүүлдэг. Бусад цагт хэчнээн наранд байсан ч Д витаминыг авч чадахгүй гэсэн үг. Тийм учраас эцэг, эхчүүд хүүхдэдээ Д витаминыг тогтмол өгөх хэрэгтэй гэж зөвлөж байна.